CNN Монголын уул уурхайн ирээдүй – Рио Тинтогийн оролцоог онцлов

Дэлхийд нэр хүндтэй мэдээний агентлаг “CNN” Рио Тинтогийн Монгол дахь үйл ажиллагаа болох Оюу толгой төсөл, гадаадын хөрөнгө оруулалтын үр дүнд Монгол Улсын эдийн засаг хурдацтай өсөж байгаа талаар онцолсон нийтлэлийг эмхэтгэн хүргэж байна.

Монголд тогтвортой уул уурхайг хөгжүүлэх нь буюу хамтын ирээдүйг бий болгох нь

Монгол Улс байгалийн үзэсгэлэнт газруудаараа алдартай. Өрнө зүгт мөнх цаст уулс сүндэрлэж, дорно зүгт маргадын өнгөт ногоон тал цэлийнэ. Харин өмнө зүгт нь ер бусын гайхамшигтай Говь цөл үргэлжилдэг билээ. Энэхүү уудам нутагтай, далайд гарцгүй оронд өвөрмөц сонин өөр асуудлууд ч бий. Орос, Хятад хэмээх геополитикийн хоёр их гүрний дунд орших, ердөө гурван сая гаруй хүн амтай Монгол Улс нь дэлхийд хамгийн сийрэг суурьшилтай улсуудын тоонд зүй ёсоор багтдаг.

Монгол Улс 1990 оноос ардчилсан нийгэм рүү эрчимтэйгээр шилжин орсон. Улмаар гадаадын хөрөнгө оруулалт “цөн түрэн” орж ирж, эдийн засаг нь хурдтай өссөн. Ардчилсан хувьсгалаас хойших ердөө 30-хан жилийн дотор Монгол Улсад ядуурал, нярайн эндэгдэл эрс буурч, өрхийн амьжиргаа, боловсролын түвшин нэмэгджээ.

Гэхдээ ардчилсан шилжилтийн үе үргэлжилсэн хэвээр. НҮБ-ын судалгаагаар Монгол Улсын хүн амын гуравны нэг нь ядуу хэвээр байгаа бөгөөд ажлын байрыг нэмэгдүүлэх нь хүндхэн сорилт хэвээр байна. Өрхүүдийн амьжиргааны түвшнээс хамаарч цар тахлын дараах сэргэлт ч харилцан адилгүй байгаа юм.

Монгол Улс цаашид ахиц дэвшлээ хадгалж, нэг сая гаруй хүнийг ядуурлаас ангижруулахын тулд аялал жуулчлал, хөдөө аж ахуй, байгалийн баялаг зэрэг давуу талуудаа ашиглах хэрэгтэй. Гагцхүү эдгээр салбарыг тогтвортой хөгжүүлэх нь хамгийн чухал.